2016/10/09

Би энд амьдарч байлаа


Саяхан Токиогийн их сургууль дээр болсон семинарт суусан юм. Орчуулгын асуудалд зориулсан хэсэгт Шибата багш, Коносү багш зэрэг англи уран зохиолын мундаг орчуулагчид оролцож сонирхолтой яриа өрнүүлснээс Коносү багшийн илтгэлдээ жишээ татсан нэгэн өгүүллэгийг танилцуулъя. Тэрээр орчуулгын хичээл дээр орчуулагч хүн текстийн юуг мэдрэх ёстой вэ, ямар өгүүлбэрийг анзаарах ёстой вэ зэрэг уран зохиолын мэдрэмжийн тухай оюутнуудад ярихдаа энэ өгүүллэгийг ашигладаг гэнэ.

Ингээд амралтын өдрийн таавар: бүсгүй юуг "мэдсэн" бэ? :)

Жин Рис "Би энд амьдарч байлаа"
Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)

Бүсгүй голын эрэг дээр нөгөө эрэг рүү дамжин гарах чулуунуудыг харан зогсож байлаа. Тэрээр чулуу бүрийг сайн санаж байв. Тэнцвэр муутай дугуй чулуу, шовгор чулуу, дунд буюу дээр нь зогсоод эргэн тойрноо харж болох аюулгүй хавтгай чулуу. Дараагийн чулуу жаахан аюултай, учир нь гол үерлэсэн үед ус дээгүүр нь урсдаг бөгөөд хуурай харагдсан ч хөл хальтардаг байв. Дараагийнх нь харин амархан бөгөөд удсан ч үгүй бүсгүй нөгөө эрэг дээр зогсож байлаа.

Зам өмнө ямар байсныг бодвол нэлээд өргөн болсон ч засах ажлыг хайш яйш хийсэн байв. Тайрсан моддыг зөөж зайлуулаагүй бас бут бургас ч хугарч дарагдсан харагдана. Гэхдээ л хуучин зам мөн учир бүсгүй хэмжээлшгүй ихээр баярлан алхав.

Сайхан ч өдөр байв, цэлмэг ч өдөр байв. Гагцхүү тэнгэр л шилэвтэр юм шиг харагдаж байсныг бүсгүй үл санана. Энэ бол түүний оноож олсон цорын ганц үг. Шилэвтэр. Бүсгүй булан тойроод тэнд байсан хуучин зам ч өөрчлөгдсөн болохыг харав – урьдынхаасаа хамаагүй өргөн болсон ч засах ажлыг мөн ялгаагүй дуусгаагүй орхисон мэт байв.

Байшин өөд очих элэгдсэн чулуун шатны өмнө хүрч ирэхэд түүний зүрх цохилж эхлэв. Пандан мод(*) үгүй болсон байв, бас ajoupa гэж дууддаг зуны муухан байшин ч алга болсон байв. Гэхдээ лишийн мод хэвээрээ, мөн чулуун шатны цаана олигтой арчлаагүй зүлэг ч яг түүний санаж байснаар сунаж байлаа. Бүсгүй түр зогсоод өргөтгөл нэмж бариад цагаанаар будсан байшингийн зүг харав. Байшингийн өмнө машин тавьсныг харахад түүнд хачин санагджээ.

Амро жимсний модны доор хоёр хүүхэд – хүү, охин хоёр – байсан учир бүсгүй гар даллан “Сайн байна уу?” гэж чангахан дуудсан боловч тэд хариу мэндэлсэнгүй. Мөн түүний зүг эргэж харсангүй. Цагаан цайвар арьстай хүүхдүүд байв – цагаан арьстны цус хамаг учир зүйн эсрэг хичээн тэмцэж буй мэт Вэст-Энэтхэгийн арлуудад төрсөн европ хүүхдүүд ийм арьстай байх нь элбэг.

Түүнийг хүүхдүүд рүү алхахад хөл доорх зүлэг ногоо халуун наранд шарласан байлаа. Нэлээд дөхөж очоод бүсгүй гирэвшингүй дахин “Сайн байна уу?” гэснээ залгуулан “Би энд амьдарч байсан” гэж хэлэв. Гэсэн ч тэд хариулсангүй. Бүсгүй гурав дахь удаагаа “Сайн байна уу?” гэж хэлэхдээ хүүхдүүдийн дэргэд шахуу зогсож байлаа. Тэрээр хүүхдүүдэд хүрэхийг хүсэн өөрийн эрхгүй гараа сунгав.

Хүү эргэж харав. Түүний саарал нүд бүсгүйн нүд рүү эгц ширтэх ажээ. Жаалхүүгийн царай өөрчлөгдсөнгүй. Хүү “Гэнэт сэрүү татах чинь. Тийм байгаа биз? Гэртээ оръё” гэв. Охин ч “Тэгье, оръё” гэлээ.

Хүүхдүүд зүлгэн дээгүүр гэрийнхээ зүг гүйцгээхийг хараад бүсгүй хоёр гараа буулгав. Ийнхүү тэр сая л мэджээ.

----------------------------------------------------------------------------------------

* пандан мод (pandanus, screw pine) - халуун оронд ургадаг нэгэн төрөл мод, орч.

P.S. Англи эхийг сонирхвол энд дараарай.

3 comments:

Koyuki said...

Өөрийн биеийг гээж сүнс болсоноо мэдсэн.

Сүрэн said...

>Koyuki

Yes! さすが! :)

Misomi said...

өөр бас юуг мэдэрч унших ёстой байсан бэ? би юуг таах билээ, гээд үг үсэггүй унштал, ийм амархан хариу гарахгүй байлгүй дээ гээд л гайхан сууна...