2015/11/12

Мөнгөн гүйлсийн үрс


 

Олигтой халаагүй учир энэ жилийн зун онцгүй санагдаж билээ. Ой тооны шүүгээнд 2015 он японд үзсэн хамгийн хүйтэн зунаар орно. Навчис унах улирал харин "Надаас хүсэж хүлээдэг бүхнийг чинь гүйцээгээд өгье" гэх шиг жинхэнэ өгөөмөр загнаж байна.

Намар цаг ид хүчээ аваад гадуур явахад урамтай, навчис мод өнгөтэй гого байна аа. Ууланд гарахад, цэцэрлэгээр зугаалахад улбар-шаргал-чангаанз-боронз-шар-бор-ногоон-хүрэн-улаан-ноогоолин өнгийн найр хавтгайраад, би найгаж согтон дэн дун хүн л гэртээ ирж байна. Модтой газрын намар угаасаа наян өнгийн наадам байдаг, эндэхийн намар сунаж сунжирдаг учир бүр ч сайхан. Модод навчсаа бага багаар унагаж гээсээр бараг зул сар хүртэл гангарна шүү дээ.

Өөрийн эрхгүй уянга халил руу халтирчих гээд байх юм, оршлоо өндөрлөөд гол сэдэвдээ орвол, миний хайртай мөнгөн гүйлс (ginko) мод удахгүй навчсаа унагах гэж байна. Нарны өнгөөр алтран шаргалтан зогсож байснаа гэнэт зориг шулуудсан мэт нэг, хоёрхон өдрийн дотор хамаг навчсаа унагачихдаг сонин мод байгаа юм. Зарим жилийн намар нэгхэн шөнийн дотор бүх навчсаа унагахыг яана...

Төгссөн Хитоцүбаши сургуулийнхаа мөнгөн гүйлсийн зургийг оруулъя гэтэл байдаггүй шүү. Ганган шар даашинзтайгаа уддаг юм чинь гээд тоохгүй явсаар нэг мэдэхнээ л нүцгэн моддыг харан алмайрч зогсдогсон... Дөрвөн жилийн намрыг тийнхүү өнгөрөөсөн хүнтэй юу ярих вэ, тээ. Гэхдээ сургуулийнхаа цэцэрлэг, мөнгөн гүйлс моддын дурсамжид зориулан шидэт Миязава Кэнжигийн нэгэн үлгэр-өгүүллэг орчуулснаа толилуулъя.

 

  Миязава Кэнжи “Мөнгөн гүйлсийн үрс”
  宮沢賢治「いちょうの実」
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Тэртээ дээрх тэнгэрийн орой сайтар хатаагдсан ган төмөр аятай цэл хүйтэн байлаа. Од мичид анилвалзан байвч дорнын тэнгэр захаасаа хонхон цэцгийн дэлбээний зөөлөн хөх өнгөөр гэрэлтэж эхлэв.
  Үүр цайх тэнгэрийн доор, өдрийн шувууд нисэн үл хүрэх тэртээ өндөрт хүйтэн цан хүүргийн хурц хэлтэрхийнүүд салхинд туугдан өмнө зүг рүү сар сар хийн хийсэн одов. Тэр үл мэдэг ялимгүй чимээ дов толгойн орой дээр ганцаар мөчир навчаа дэлгэн ургах мөнгөн гүйлс модонд хүртэл сонсогдом анир чимээгүй, цэлмэг тунамал өглөө байжээ.
  Мөнгөн гүйлсийн үрс нэгэн зэрэг нойрноосоо сэрцгээв. Сэрсэн даруй бүгдийнх нь бяцхан зүрх нэгэн зэрэг лугшив. Өнөөдөр гарцаагүй бүгдээрээ аян замдаа гарах өглөө билээ. Энэ өдрийг тэд эртнээс мэдэн хүлээж байв. Урд орой нисэн ирсэн хоёр хар хэрээ ч сануулж хэлсэн юм.
  - Унахад нүд эрээлжлэх болов уу? гэж нэг самархүү асуув.
  - Нүдээ анисан байхад яах ч үгүй ээ гэж нөгөө нь хариулав.
  - Өө яанаа, усны саваа дүүргэхээ мартчихаж.
  - Би усны саваас гадна гаатай ус бас бэлдсэн. Жаахныг тасалж өгөх үү? Аянд гарсны дараа дотор муухай оргивол жаахан балгахад сайн гэж Ээж хэлж байсан.
  - Ээж надад яагаад өгөөгүй юм бол.
  - Би өгнө гэж байхад. Ээжийн тухай муугаар бодож болохгүй шүү.

  Тийм ээ, мөнгөн гүйлс эдгээр хүүхдүүдийн ээж нь билээ.
  Энэ жил мянган алтан шар хүүхэд төрүүлсэн бөгөөд бүх үрс нь аян замдаа гарах өдөр ийнхүү ирсэн байлаа. Үүнд мөнгөн гүйлс хайлан гунигласан учир дэвүүрийн хэлбэрт алтан шаргал үсээ урд шөнийн дотор унагаж орхижээ .
  - Би хаана очих бол? – нэг охин тэнгэр өөд ширтэн шивнэх аятай хэлэв.
  - Мэдэх юм алга гэж нөгөө нь хариулав. – Гэхдээ хаашаа ч явмааргүй байна.
  - Би ч гэсэн, юу ч болсон хамаагүй Ээжтэйгээ л баймаар байна.
  - Тэгж болохгүй. Салхи өдөр бүр сануулж хэлээ биз дээ.
  - Муухай юм аа.
  - Тэгээд бид бүгдээрээ тал тал тийш таран салцгаана.
  - Тэгнэ... надад одоо өө юу ч хэрэггүй ээ.
  - Надад ч бас. Өдий хүртэл дураараа аашилсанд минь уучлаарай.
  - Харин би л, би л уучлал гуйх ёстой. Намайгаа уучлаарай.
  Дорнын тэнгэрийн хонхон цэцгийн өнгө хүч буурч өглөөний цайвар гэгээ татаж эхлэв. Одод нэг нэгээр цөөрөн хулжих ажээ.
  Модны хамгийн, хамгийн өндөр мөчирт мөнгөн гүйлсийн хоёр хөвгүүн ийн ярилцаж байлаа:
  - Үүр цайжээ. Ёстой гоё. Би алтан од болно!
  - Би ч од бас болно. Эндээс унахад Умард Салхи шууд тэнгэр өөд биднийг аваачих байх даа.
  - Би лав Умард Салхи гэж бодохгүй байна. Ааш нь таагүй шүү дээ. Миний бодлоор хар хэрээ л биднийг аваачих болов уу.
  - Яг тийм, нээрээ л хар хэрээ байх. Хар хэрээ ёстой мундаг. Эндээс тэртээ хол өөд, бүр харагдахгүй болтлоо нэг амьсгаагаар дүүлэн нисдэг шүү.
  - Хэрэв гуйвал биднийг ч бас нэг дүүлээд л хөх тэнгэр өөд хүргэж өгөх байх даа.
  - Тэгье, гуйж үзье. Хар хэрээ хурдан ирээсэй!
  Жаахан доохно өөр хоёр жаал ийн ярилцах ажээ:
  - Би хамгийн түрүүнд Тоорын хааны шилтгээнд очно. Тэгээд Тоорын булбарай гүнжийг хулгайлсан булай хар мангасыг дарна. Тийм мангас хаа нэгтээ байгаа даа.
  - Байгаа л байх. Гэхдээ аюултай биш үү? Мангас чинь маш том. Биднийг нэг тургиад л хийсгэчихнэ шүү дээ.
  - Надад ёстой догь юм байгаа. Тийм учраас алзахгүй. Үзүүлэх үү? Үүнийг хар даа.
  - Энэ чинь ээжийн үсээр хийсэн тор байна шдээ.
  - Тийм, ээж надад өгсөн юм. Айж сандарвал дотор нь орж нуугдаарай гэж байсан. Би энэ торыг өвөртөө хийгээд мангас дээр очно. Тэгээд “Тог, тог. Сайн уу? Чи намайг залгиж чадах юмуу? Чадахгүй шдээ” гэж хэлнэ. Мангас маш ихээр уурлаад шууд намайг залгичих байх. Би харин мангасын ходоодонд оронгуутаа тороо гаргаад дотор нь орно. Дараа нь мангасын ходоод гэдсийг ёстой болгож тавьна. Тэгэнгүүт мангас гэдэсний хижиг өвчин тусаад мажийчихна. Харин би гарч ирээд Тоорын гүнжийг дагуулж шилтгээнд очно. Тэгээд хурим найр хийж гүнжийг эхнэрээ болгоно.
  - Ёстой гоё юм аа. Би хурим найранд чинь зочноор очиж болно биз дээ?
  - Бололгүй яах вэ. Би чамд улсынхаа талыг тасалж өгнө. Бас ээждээ өдөр бүр чихэр бялуу явуулж байна.

  Од мичид хэдийнээ ор мөргүй шуугджээ. Дорнын тэнгэр цагаан гэрлээр шатаж буй аятай цайран байлаа. Мөнгөн гүйлс ялимгүй сэрвэгнэн, үл мэдэг сэрчигнэв. Хүүхдүүдийнх нь аян замд гарах цаг дөхсөн ажээ.
  - Миний гутал багадаад байна. За яршиг, хөл нүцгэн л явъя.
  - Минийхтэй солих уу? Минийх жаахан том юм.
  - Тэгье, сольё. Өө, яг таарч байна. Баярлалаа!
  Нэг охин:
  - Яанаа, би яах вэ? Ээжийн өгсөн шинэ пальтогоо олдоггүй гэв.
  - Хурдан олоорой! Аль мөчирт орхисон юм бэ? гэж өөр нэг охин сандран хариулав.
  - Мартчихаж.
  - Одоо яана аа. Удахгүй маш хүйтэн болно. Заавал олохгүй бол болохгүй шүү.
  Хажууханд нь хоёр хүү ярилцана:   
  - Хар даа, гоё талх байгаа биз? Үзэм цухуйж байгааг харж байна уу? Бушуухан цүнхэндээ хийгээрэй. Нар удахгүй мандах гэж байна.
  - Баярлалаа, талхнаасаа өгсөнд. Хоёулаа хамт явах уу?
  Сандарч тэвдсэн охин:   
  - Яана аа, би пальтогоо олдоггүй. Одоо би яана аа? гэхэд нөгөө нь
  - Хоёулаа хамт явъя. Хааяа миний пальтог өмсөж байгаарай. Хөлдвөл тэгээд хоёулаа л хөлдъё гэв.
  Дорнын тэнгэр цагаан дөлөөр цайвалзаж, найган ганхаж эхлэв. Ээж мод амьсгаа хураасан аятай хөдөлгөөнгүй зогсох ажээ. Гэнэт гэрлийн багц, алтан сум аятай харван ирэхэд хүүхдүүд нэгэн зэрэг цойлж үсрэв үү гэмээр шаргалтан гялалзав.
  Умард зүгээс мөс шиг тунгалаг салхи хүйтэн амьсгалаар хүүгэж үлээхэд хүүхдүүд “Баяртай, ээж ээ! Ээж ээ, баяртай!” гэлцэн нэгэн зэрэг мөчрөөсөө бороо мэт үсрэн бууцгаалаа.
  Умард салхи инээн:
  - Энэ жил ч ингээд “Ээж ээ, баяртай!” гэх өдөр нь ирдэг байжээ хэмээгээд шилэн нөмрөгөө хийсгэн цааш одов.
  Их наран бадран асах очир эрдэнийн адил дорнын тэнгэрт хөөрөн мандаж, ганцаар гуниглах ээж мод хийгээд аян замд гарсан үр хүүхдүүдийнх нь дээрээс байдаг илч гэрлээ ивээн илгээж байлаа.

-----------------------------------------------------------------------------------------------------

  Жич: Японы 銀杏 хэмээх модыг англиар ginko гэнэ, оросоор гинкго гэж орчуулна. Монголоор "мөнгөн гүйлс" гэдгийг нэлээд дээхэн гүүгэл гайхал хэлж өгсөн юм. 杏子 буюу aprikot-ыг гүйлс гэнэ. Хатаасан гүйлс нь чангаанз.
  Уул нь apricot нь жимсний мод, gingko нь жижиг шар самартай самрын мод. Тэс ондоо төрөлд хамаарах хоёр модонд яагаад ийм нэр оноосон юм бол доо...

2 comments:

peakfinder said...

Хөөрхөн үлгэр юм. Нээрээ зун халахаар түүртдэг ч халууцаагүй зун зун биш юм шиг л байдаг. Манай энд бол зун болохгүй ш дээ кк.

Сүрэн said...

Харин тийм ээ, халууцаагүй зун бол зун биш :) Танай нутагт очиж үзмээр л байна...