2014/12/11

Гинза: Токио хотын мөнгөн гудам II (төгсгөл)


(үргэлжлэл)

Вако их дэлгүүр

 

Гинзагийн билэг тэмдэг нь “амжилт” хэмээх утгатай Сэйко компанийг үндэслэгч Кинтароо Хатторигийн 1894 онд барьсан Вако их дэлгүрийн дээрээ цагтай байшин. Вако их дэлгүүр Мицүкошитэй зэрэгцэн Гинзагийн хамгийн үнэтэй их дэлгүүрийн тоонд орно. Мода загварын ертөнцөд хэн нь хэн болохыг энэ дэлгүүрээс мэдэж болохоос гадна зургаан давхарын “Вако Их танхим”-д байнга үзэсгэлэн гардаг тул Гинза орох далимаар ганц нэг шагайхад таатай байдаг.

Мицүкоши их дэлгүүр

 

Гинзагийн бас нэгэн билэг тэмдэг нь японы анхны их дэлгүүр Мицүкошигийн арслантай байшин. Оюутан байхдаа Арслантай гүүрээр нааш цааш холхих дуртай байсных уу, эсвэл их сургуулийнхаа арслантай байранд хайртай учраас тэр үү, энэ байшингийн арсланд надад их л дотно санагддаг. Гадныхан “үнэтэй дэлгүүр гэхэд адар намхан юм” гэж хэлдэг ч Мицүкоши мөнгө хайрласандаа биш дээхэн үеийн япон хүмүүсийн дундаж нурууны өндөрт тааруулж байшингаа барьсныг санах хэрэгтэй. Зуугаад жилийн өмнө баригдсан анхны метро буюу Гинза шугамын адарт эдүгээ залуучууд гараа өргөөд амархан хүрдэг нь ч үүнтэй адил шалтгаантай. Мицүкоши ч Вакогийн нэгэн адил цаг улиралд тааруулан үзэсгэлэн гаргаж, үе үе дотоод засалтаа сольдог тул ороход хэзээ ч уйдамгүй.

Кабүки театр

 

Гинзаг ярихдаа дурдалгүй өнгөрч болохгүй нэг газар бол Кабүки театр. Кабүки бол Япон улсын үндэсний жүжгийн урлаг, бүх дүрийг нь эрэгтэй жүжигчид бүтээдэг гэдгийг мэдэхгүй хүн одоо байхгүй байх. 1964 онд японы соёл урлагийн үнэт өвд бүртгэгдсэн кабүки театр нь 1600-аад оны үед Кёото хотод төрсөн боловч хөгжиж цэцэглэсэн нь эртний Эдо хот (өнөөгийн Токио) юм. Японы уламжлалт Но жүжгийг язгууртан дээдэс, самурай давхаргын хүмүүс л үзэх эрхтэй байсан бол кабүки жүжгийг Эдогийн энгийн иргэд үздэг байв. Үйл явдлын хувьд ч Но жүжигт бурхад, ноёд голлож байхад кабүки жүжгийн баатрууд нь гар урчууд, гэйша, худалдаачид зэрэг жирийн хүмүүс байх нь олонтаа. Тиймд кабүки жүжгийг эгэл ардын дундаас төрж хөгжсөн урлаг ч гэж болно. “Борчуудын” кабүки жүжиг Мэйжигийн үед “дээд зэргийн” төвшинд хүрсэн бөгөөд үүнд Гинзагийн кабүки театр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Барууны үзэл нөлөө хүч түрэн орж ирж байсан 1925 онд архитектор Окада Шинъичиро кабүки театрын шинэ барилга барихдаа европын театр бус, Японы дундад зууны үеийн хэрэм цайзыг загвар болгосон нь япон хүмүүс барууныг дуурайхдаа үргэлж шилж сонгож, өөрийн юмтай хослуулдаг зан чанарын илрэл болов уу. Нөгөө талаас кабүки жүжгийн хэл, агуулга, жүжиглэх аргаас япон хүмүүсийн маш консерватив чанарыг ажиглаж болно. Жишээлбэл, кабүки жүжгийн дүрийг бүтээх арга барил, алхаа гишгээ нь эцгээс хүүд удам дамжин ямар ч өөрчлөлтгүй өвлөгдөх уламжлалтай. Кабүки жүжигчид "18 дугаар Накамүра Канзабүро", "9 дүгээр Данжүүроо", "11 дүгээр Ичикава Эбизоо" хэмээх нэртэй байдаг нь тухайн жүжигчний гэр бүл хэдэн үеэрээ кабүки театрт тоглож буйг заана.

Кабүки жүжиг маш урт боловч зөвхөн нэг бүлэг үзэх билет авч болно. Анх очиход монгол байтугай япон хүн ч юу ч ойлгохгүй тул жүжгийн агуулгын тухай япон, англи танилцуулга, үйл явдлыг англи хэл, орчин цагийн япон хэлээр тайлбарлах чихэвч авах нь дээр. Гэхдээ байнга тайлбар сонсоод байх хэрэггүй, ерөнхий агуулгыг ойлгосон бол чихэвчээ авч орчиндоо уусаад тайзан дээрх жүжиг, эргэн тойрноо сонирхон харж суухад таатай. Харин хажууд гэнэт хүн хашгирч, цаана гэнэт хэн нэгэн алга ташиж, тэнд нэг хүн гэнэт бүжиглэж эхэлбэл гайхах хэрэггүй ээ. Үзэгчид жүжигчдээ ийнхүү урамшуулах нь энгийн явдал бөгөөд жүжигчид ч үүнд нь баяртай байдаг. Үзэгчид болон жүжигчдийн энэ харьцаа кабүкигийн гарал үүслийн тухай нэгийг бодуулах ч сүүлийн үед зөвхөн өвгөд хөгшид ийнхүү урамшуулах бөгөөд “залуучууд рок концерт дээр галзуурдаг атлаа театрт орохоороо үлгэр хүмүүжлийн туйл болчих юм” гэж тэд халаглана.

Микимото 2

  

Одоо анхаарлаа орчин үеийн барилга байшинд хандуулъя. Ер нь Гинза барилга архитектурын хувьд сонирхох зүйл ихтэй бөгөөд дэлхийд нэртэй олон архитекторын бүтээлийг эндээс үзэж болно. Юуны түрүүнд, дэлхийн нэг номерын сувд үйлдвэрлэгч Микимотогийн барилгыг олохыг бодоорой. Микимото 1893 онд Гинзад анхны дэлгүүрээ нээж байсан бол зуугаад жилийн дараа 2005 онд 48 метр өндөр шинэ барилга барьсан нь өвөрмөц дизайнаараа хүмүүсийн анхаарлыг ихэд татна. (Ялангуяа над шиг байшин гэдэг заавал дөрвөлжин цонхтой байдаг мэт санадаг ширхэг ч криэйтив генгүй хүмүүсийн...) Архитектор Итоо Тоёогийн дизайн нь байшингийн цонх дөрвөлжин байх албагүй, цаашилбал давхраасаа ч хамаарах шаардлагагүй харуулсан сонин шийдэл юм. Цонхны гурвалжиндуу хэлбэр сувдны хясааг төлөөлөх тул Том, Жэрри хоёрын булаацалдаад байдаг швейцарь бяслагтай бүү эндүүрээрэй (кк). Цонхны өнцгийг зуйван байдалтай хийсэн нь дулаан уур амьсгал төрүүлж, ялангуяа Гинзагийн шөнийн гэрэлд маш гоё харагддаг.

Сони компаний барилга



Сони компаний барилга маш энгийн – зүгээр нэг дөрвөлжин байшин. Өнөөгийн бидэнд үзэмж нь гойд санагдахгүй ч архитектор Ашихара Ёшинобү 1966 онд гаднаас харахад цонхгүй, 2300 ширхэг зурагт нийлж нэгэн том дэлгэц үүсгэх хана зохиосон нь тухайн үедээ нэлээд шинэлэг дизайн байлаа. Гэвч хүмүүс энэ барилгыг гаднаас нь харах гэж биш дотор нь орж Сони компаний шинэ бүтээгдэхүүнтэй танилцахын тулд зорьдог. Танилцах гэдэг нь зүгээр нэг харж барьж сонжих биш, бүх янзаар ажиллуулж үзэхийг хэлнэ. Ер нь ийшээ ороход цахилгаан барааны ертөнцөд юу болж байгааг, хүмүүсийн нас шүднээс хамааран хандлага хаашаа чиглэж байгааг мэдэх боломжтой тул над шиг шинэ юмнаас үргэлж хоцорч явдаг нэгэнд нэлээд тустай газар. Гишгэхэд дуугарах шат зэрэг “жижиг сажиг” нэмэлт, гол хаалганы үүдэнд байнга явагдах арга хэмжээ, хамгийн гол нь Сони компаний төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвар нь энэ байшинг байнга олны хөлийн газар байлгаж ирсэн билээ.

Maison Hermes

 

Гинзагийн байшин барилгын бас нэг “од” нь яриан байхгүй Нermes Maison. Энэ дэлгүүрийн барилгыг 1998 онд Прицкэрийн шагнал авсан итали архитектор Рэнзо Пиано зохион бүтээсэн нь санаандгүй явдал биш болов уу (Р. Пиано 2013 онд Италийн сенатын байнгын гишүүн буюу Senator for Life болсон. Итали улс нийгэм, урлаг, шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан хүмүүсийг сенатын байнгын гишүүнээр сонгодог уламжлалтай). Учир нь Осака хотын Кансай онгоцны буудлын дизайныг Рензо Пиано хийсэн бөгөөд эл онгоцны буудал 1994 онд ашиглалтанд орсноос хойш түүний нэр хүнд Японд маш өндөр (ингэхэд монголын олон улсын шинэ онгоцны буудлын дизайныг хэн хийсэн бол...).

Maison Hermes байрлалын хувьд Dior-ын оройлцоо, Сони компаний барилгаас хэдхэн метрийн зайд байрлах тул олоход амархан. Хоёр цамхгаас бүрдэх энэ барилгыг бүтээхдээ Р. Пиано японы уламжлалт цаасан дэнлүүний зөөлөн, дулаан гэрлээс санаа авсан гэж байсан. Тэрээр барилгын гаднах ханыг шилэн бүрхүүлтэй хийхээр шийдэж, эртний венеци шилний технологийн дагуу 13,000 шилэн хавтан хийхийг Италийн Seves компанид захиалж, хэдэн тонн шилэн хавтан Токиод авчруулсан аж. Венеци шилний ачаар өдрийн гэрэлд дэлгүүрийн доторх сонин янзаар гэрэлтэн харагдаж, шөнийн цагт дотоод гэрэлтүүлэг, эргэн тойрны неон гэрэл хэрхэн тусахаас хамааран байшингийн хана түмэн өнгөөр солонгорно. Мөн Р. Пиано газар хөдлөлтөөс хамгаалах системийг зохиохдоо японы сүм хийд барих эртний арга барилыг орчин үеийн технологитой уялдуулсан тул энэ барилгыг эрт, эдүгээгийн ололт нээлтийн солбицол дээр бий болсон гэж болно.


  

Гинзагийн барилга бүхнийг дурдаж тайлбарлах аргагүй тул цаашлаад Мицүи Жүн архитекторын De Beers, Инүи Күмико архитекторын Dior Ginza, Шигэрү Бан архитекторын Nicholas G. Hayak төвийн (Swatch групп) барилгыг сонирхон үзэхийн хүсье. Armani (хулс модоор хүрээлсэн дизайнтай), Tods зэргийн хажуугаар өнгөрч харьцуулж үзэхэд ч сонирхолтой. Улирлаас хаамааран өөрчлөгдөж байдаг Chanel-ийн ханан дээрх зургийг ч бас нэг харчих хэрэгтэй.

Гинза бол тэргүүний брэндүүд байшин барилгын архитектур дизайнаас гадна дотоод засалт, гоёл чимэглэл, бараа бүтээгдэхүүнээ хэрхэн өрж тавих зэргээрээ ч уралддаг газар. Нэг удаа нэртэй брендийн Хонг-Конгийн салбарт ажилладаг найз бүсгүй Гинзагийн салбарын зул сарын баярын чимэглэлийн зургийг авч өгөхийг гуйсан юм. Хүслийнх нь дагуу Гинза орж дэлгүүрийн гаднах чимэглэлийг саадгүй авав. Харин дотор оронгуут ажилчид зураг авч болохгүйг эелдгээр анхааруулсан тул аль цүнх сонгохоо мэдэхгүй эргэлзэж, эргэлзсэндээ найздаа зураг явуулж саналыг нь асууж буй хүний дүр эсгэж чүү чаа хэдэн зураг дарж билээ (кк). Тийнхүү амьдралдаа анх удаа папараццидаж үзэхдээ брэндүүд дэлгүүрийг засал чимэглэлээрээ зөвхөн хоорондоо бус дотроо бас уралддагийг мэдсэн юм. HK найз Гинзагийн зураг харахыг хүссэн нь санаандгүй тохиолдол биш бөгөөд мода загварын ертөнцөд азийн орнууд японыг баримжаалдаг болоод удаж буйг энд дурдах илүүц биз ээ.

Өдий хүртэл нэртэй, үнэтэй брэндийн дэлгүүр танилцуулсан тул Гинзаг жирийн нэгний зүглэлтгүй газар хэмээн бүү бодоорой. 90-ээд оноос хойш японы эдийн засаг уналтад байгаа нь Гинзаг тойрч гараагүй бөгөөд Uniqlo, Zara, HM, GAP зэрэг хямд үнэтэй, залуучуудын өмсөх дуртай брэндийн дэлгүүрүүд энд нээгдээд удаж буй. Мөн олон жилийн түүхтэй, боломжийн үнэтэй япон дэлгүүрүүд ч Гинзад олон. Харин үүний учир нь япон хүмүүсийн сэтгэлгээтэй холбоотой. Япон урчуудаас ажилдаа баримтлах гол зарчмын тухай асуухад хийсэн эд юуны түрүүнд чанартай, хэрэглэхэд эвтэй байх ёстой гэдэг. Мөн эртний загварыг дур мэдэн өөрчлөхийг хүсэхгүй ч аль болох орчин үеийн хүмүүсийн хэрэглээнд тохируулахыг хичээдэг гэдэг. Харин хүслийг нь асуухад "сэтгэлээ шингээж хийсэн эдийг минь олон хүн хэрэглээсэй" л гэж хариулдаг. Жирийн хүний авах аргагүй юм хийнэ гэдэг худалдаа наймааг явцгүй болгоно гэж үздэг учир япон урчууд эрт дээр үеэс эгэл хүмүүст зориулж эд бараа хийж ирсэн билээ.

Кюүкёдоо

  

Диор, Шанель ч яах вэ, үнэндээ Гинзад очсон хүнийг хүчээр боловч чирж оруулмаар дэлгүүр бол миний хувьд 1663 байгуулагдаж, 1880 онд Гинзад дэлгүүрээ нээсэн Кюүкёдоо. Энэ дэлгүүрээс уран бичгийн урлаг “шёдоо”, үнэрийн урлаг “кадо”-д хэрэгтэй юм бүхнийг авч болно. Японы уламжлалт цаас, зураг, бийр, будаг, дэвүүр, хүж ноёлох энэ дэлгүүрт ороод гарахад үзэх, үнэрлэх, тэмтрэх гурван мэдрэхүй найр хийсэн мэт санагдана. Япон хөгжим таалдаг бол сонсох мэдрэхүй тань ч баясна.

Итооя

 

Итооя бол 1904 онд байгуулагдсан бичиг хэрэгслийн дэлгүүр. Таних тэмдэг нь улаан clip (монголоор юу гэдэг вэ?) Үзэг бал, будаг харандааны төрлөөр дулимаг өссөн бага нас нөлөөлдөг үү, энэ дэлгүүрт ороод хэрэгтэй юмаа хурдхан аваад гарна гэдэг надад лав амаргүй (мөхөөлдөс-хорин дөрвийн чихэр-банька-торт-алим-мандарины ертөнцөд орсон хүүхэд шиг л болчихдог шдэ...). Албаны бичиг хэрэгсэл, уран зураг урлаг, янз бүрийн мэндчилгээ гээд цаас & цаасан дээр дүрс гаргахтай холбоотой юу л бол юу энэ дэлгүүрт байх агаад бараа бүтээгдэхүүний сонголт нь дан японоор хязгаарлагдахгүй нь ч сайхан.

Олон гудмаар явж, олон дэлгүүр орж ядарсны дараа хэн ч гэсэн хүчээ сэлбэх хэрэгтэй. Үүнд харин санаа зоволтгүй. Гинзад худалдааны ертөнц нэг дүгээрт, хоол ундны үйлчилгээ хоёр дугаарт орно. Таалагдсан газраа орж дуртай хоолоо идээд, харих заримдаа эндэхийн аль нэг их дэлгүүрийн доод давхраас нэртэй амттан бялуунаас гэрийнхэндээ авч харьвал төгс төгөлдр “гинбүра” өдрийн төгсгөл тэр билээ.

2014/12/01

Гинза: Токио хотын мөнгөн гудам I


 

Саяхан монголоос танил ирээд. Нэг орой дагуулж хот үзүүлж харуулах болоод. Даанч Шинжүкү, Шибүяг үзчихсэн, Одайба руу явчихсан, Асакүсад мөргөчихсөн, Хотын захиргааны тэнгэр багандсан байшин, шинэ, хуучин телевизийн антенд гарчихсан, япон маягийн уушийн газар аль хэдийнээ орчихсон хүнд юу ч үзүүлдэг юм байгаам. Толгой гашилна биз дээ? Ядаж байхад хэргийн эзэн, хэнгэргийн дохиур маань ийм тийм юм сонирхож байна гэж чиг баримжаа өгөхгүй нь хэцүү. Өдрийн цагаар гадуур дагуулж явахаар бол япон цэцэрлэг үзүүлээд хаа нэгтээ пиво ууж суухсан. Даанч ажил тарсны дараа гэхээр харанхуй шөнө хаачилтай билээ. Эндэхийн хамаг музей 17:00 гээд хаалгаа бариаский. Бодож бодож том хүн байна даа энчдоо, юун Харажүкүгийн хачин моод үзэх, Гинза л явъя гэж бодлоо. Тэгсэн уулзахаар тохирсон өдөр бороо ороод, танил маань ондоо ажилтай болоод, яах уу ийх үү гэж нааш цааш баахан залгасны эцэст “ганц гудамж үзэхийн төлөө усан борооноор болих уу даа” гэж дуугарсан нь хоннэ болж таарав ... хэхэ. Гэхдээ яах вэ, жилийн өмнө нэг хүний хүсэлтээр Гинзагийн тухай бичиж байснаа санаж ямар гудамжаар явж, юу үзүүлэх байсныг энд танилцуулахаар шийдэв (гэхдээ энд тэнд нь элдэв коммент нэмж оруулав). Гайдбүүк маягийн танилцуулга хийхээс зайлсхийж, Мэйжигийн шинэчлэлээс хойших цаг үеийн онцлог, япон хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт зэргийг тусгахыг хичээсэн юмсан... чадсан эсэхийг мэдээж, мэргэн уншигч мэдэх буй заа :)

  Гинза: Токио хотын Мөнгөн гудам

Япон орны төв нь яриан байхгүй Токио хот. Харин Токиогийн төв нь?
Энэ асуултыг хотын иргэдээс асуухад гарал үүсэл, нас намба, ажил мэргэжил, дур сонирхлоос хамааран янз бүрийн хариулт өгөх ажээ. Зарим настай хүмүүс Эдогийн төв бол зэн хааны ордон гэнэ. Зарим нь төр улсын төв Нагатачёо, Касүмигасэки хоёрыг нэрлэнэ. Сарариман(*1), OL(*2) армийн төлөөлөгчид бизнес, эдийн засгийн төв Марүноүчи, Кабүточёо гэж хариулна, эсвэл өндөр байшин сүндэрлэх Шинжүкү, Шинбаши хоёрыг дурдана. Залуучууд мэдээжийн хэрэг Шибүя, Харажүкү гэж дугарна. Хотын уугуул иргэд Эдо хотын эртний төрх байдлыг хадгалсан Асакүса, Канда, Кагүразака дүргүүдийг “миний хувьд Токиогийн төв” гэнэ. Харин асуултын өнцгөө өөрчлөөд Токиогийн хамгийн үнэтэй, ганган газар хаана вэ гэвэл ихэнх хүмүүс эргэлзээгүй Гинза гэж хариулна.

1612 онд Токүгава Иеясү жанжин улсын мөнгө цутгах урланг Эдо буюу өнөөгийн Токиод шилжүүснээр Гинзагийн түүх эхэлнэ. “Гин” гэдэг нь “мөнгө”, “за” гэдэг нь “зоос цутгах газар” гэсэн утгатай. 1800 он хүртэл хоёр зуугаад орчим жилийн турш Гинзад мөнгөн зоос цутгаж байсан тул энэ дүүргийг бий болоход мөнгө нөлөөлж, эдүгээ ч японы хамгийн үнэтэй худалдааны төвийн хувьд Гинзаг мөнгө тодорхойлно гэж болно.

Юуны түрүүнд Гинза газрын үнээр дэлхийд тэргүүлнэ. Японы эдийн засаг эрчимтэй хөгжиж Америкийг хүртэл айлган чичрүүлж байсан 80-аад онд Гинзагийн газрын үнэ хэд хүрч буй тухай мэдээ өдөр бүр зурагтаар гарч олныг шуугиулдаг байв. Тэр үед үнэт эдлэлийн Тасаки компани Гинза дотроо хамгийн үнэтэйд тооцогдох 4-р хороонд дэлгүүрийн газар худалдаж авахдаа 1 хавтгай дөрвөлжин метрийн төлөө сая гаруй доллар төлсөн нь тухайн үедээ рекорд болж байлаа. 2012 оны татварын албаны тайланд 4-р хорооны 1м2 газрыг 27 сая иенээр үнэлсэн тул Токио хотдоо Гинза дүүрэг газрын үнээр толгой цохисон хэвээр. Гагцхүү худалдан авахад хүрвэл Гинзагийн газар тайланд бичсэн үнээс хоёр, гурав дахин өлхөн өснө гэдэг бичигдээгүй хууль бас байдаг. Тиймээс татварын албаны үнийг баримжаа төдий л гэж ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Гинзад газар эзэмшинэ гэдэг ямагт нэр төрийн хэрэг, зэрэг зиндааны асуудал байсан. Мөн нэг алдвал ахин хэзээ ч эргүүлж авч чадахгүй гэдэг айдсаас үүдэн эндэхийн эзэмшил газраа зарах хувь хүн, пүүс компани ч бараг байхгүй. Тиймээс Гинзагийн газрын үнэ жинхэнээсээ хэд хүрэхийг ч хэлэхэд хэцүү аж.

Газрын үнээс гадна ажил, дэлгүүрийн байр түрээслэх үнээр ч Гинза эхний эгнээнд. 2012 онд Гинза байрны түрээсийн үнээр дэлхийд 9-р байранд орж байв (Business Insider 2012/11/14). Хэдий сүүлийн үед японы эдийн засаг уналтанд орж хавтгай дөрвөлжин метр газрын үнээр Хонг-Конг, Нью-Ёорк зэрэг хотуудад тэргүүн байраа алдаад байгаа ч Гинза 80-аад оноос өдийг хүртэл 30 гаруй жилийн турш дэлхийн хамгийн үнэтэй газар хэвээр байна. Эдүгээ Chanel, Hermes, Prada, Dior, Givenchy, Bvlgari зэрэг дэлхийн нэртэй, үнэтэй брэндүүд бүгд Гинзад дэргүүртэй бөгөөд энд дэлгүүрээ нээнэ гэдэг нэр төрийн асуудал болоод удаж буй (гэхдээ гадаад брэндүүд ч яах вэ.. хаа сайгүй л байгаа).

Гадаад бус япон дэлгүүрүүд рүү анхаарлаа хандуулбал, Гинзагийн алдартай япон дэлгүүрүүд яагаад ч юм “М” үсгээр эхэлсэн нэртэй: Мицүкоши, Мацүзакая, Мацүя, Микимото. Эдгээр нэрийг мэдэхгүй япон хүн байхгүй. Гэхдээ би олон жилийн түүхтэй том брэнд гэхээс илүү японы худалдааны ертөнцөд хувьсгал хийсэн “пионерууд”(анхдагч гэж болно, гэхдээ би чинь багадаа пионер байлаа) гэдгийг нь онцлохыг хүснэ. Мицүкоши бол 1904 онд байгуулагдсан японы анхны их дэлгүүр. Анхны их дэлгүүр гэдэг нь гэхдээ сонин биш л дээ. Харин дэлгүүрүүд бараа таваараа газраар өрдөг уламжлалыг Мицүкоши хамгийн анх зориглон халж бараагаа тавиур дээр тавьж, өлгүүрт өлгөх болсон нь сонирхол татна. Мөн 1923 онд анхны “Sale” зарлаж, 1927 онд анхны загвар үзүүлэх “шоу” зохион байгуулсан нь ч Мицүкоши. Харин худалдан авагчид дэлгүүрт орохдоо гутлаа тайлах ёсыг Гинзагийн Мацүзакая их дэлгүүр 1925 онд анх халжээ. Дараа нь 1933 онд худалдагч охидын хөнгөн кимоно хийцтэй дүрэмт хувцсыг халж, анхлан европ загвартай дүрэмт хувцас нэвтрүүлсэн нь тухайн үед ихээхэн шуугиан тарьж, европ хувцастай охидыг харахаар хүмүүс Мацүзакая руу уралдсан гэдэг.

Их дэлгүүр дундаас 1914 онд Мицүкоши анх гүйдэг шаттай (escalator) болоход олон хүмүүс зөвхөн өөрөө урсан гулгадаг сонин шатанд сууж үзэхийн төлөө л энэ дэлгүүрийн үүдийг татаж байсан түүхтэй. (90-ээд оны сүүлээр Скай их дэлгүүр нээгдэхэд манайд бас нэг тиймэрхүү юм болсон доо... кк) Япон хүмүүс техник технологийн дэвшлийг хэрэглэж нэвтрүүлэхдээ ямагт япон маягаар өөрчилж, өөрийн өнгө аяс оруулдгийг санууштай. Японд ирэх гадаад хүмүүс “сонин үйлчилгээ” хэмээн гайхдаг зүйлийн нэг бол "elevator girls" буюу лифт ажиллуулдаг намуухан дуутай, хөөрхөн царайтай найлзуур охид. “Лифт ажиллуулах” гэдэг нь дэлгүүрт ирсэн худалдан авагчидтай хамт лифтэнд орж, товчлуур дарж, лифт хэдэн давхарт зогсохыг, тухайн давхарт ямар бараа бүтээгдэхүүн зарж буйг танилцуулах ажил. Товчлуур дарж хүссэн давхартаа хүрэх төдийд хэн нэгний тусламж хэрэггүй сэн хэмээн прагмактик сэтгэхүйтэй гаднынхан гайхна. Харин япончууд "Ийм үйлчилгээтэй дэлгүүрт орохоор бүрэн дүүрэн үйлчилгээ авсан сэтгэгдэл төрнө" гэж хариулна. Энэ үйлчилгээг Мацүзакая дэлгүүр 1929 онд анх нэвтрүүлэхэд “эмэгтэйчүүдийн шинэ ажлын байр бий боллоо” хэмээн тухайн үеийн сонин сэтгүүл ихэд бахдан бичиж байжээ (ккк).

Харин Микимото бол японы анхны олон улсын брэнд болсон пүүс. Өнөөгийн хүн бүхний мэдэх Сони, Тошиба зэрэг компаниуд дэлхийн тавцнаа гарч ирэхээс хамаагүй өмнө, хаа холын 1896 онд Микимото Коичи японы “гурван алдарт нээлт”-ийн нэг гэгдэх сувд хийх аргыг патентжуулан Микимото брэнд бий болгосноор богинохон хугацаанд япон сувдны чанарыг хилийн чанадад мэддэг болжээ (ингэхэд, гурван алдарт нээлтийг шууд нэрлэх хүн байна уу...гүүгэлдэхгүй нэрлэсэн эхний хүнд гого ном өгье).

  Түүхийн хуудас сөхвөл

1872 онд Токиод “Гинзагийн их түймэр” гэж хожим нэрлэгдэх түймэр гарч Гинза, зэргэлдээх Цүкижи дүүрэг тэр чигээрээ үнсэн товрог болов. Тухайн үеийн бүх байшин модоор баригдсан тул түймэр нэг байшингаас нөгөө байшин руу маш хурдан шилжиж нийтдээ 950,000 м2 газар, 4879 өрх шатсан гэдэг тоо баримт байдаг. Гэхдээ тийм хэмжээний түймэр болоход зөвхөн найман хүн амь үрэгдсэн нь Эдо хотын оршин суугчид галын аюулд хэр сэрэмжтэй байсныг харуулах болов уу.


Эдогийн гал сөнөөгч. Гинзатай холбоогүй зураг боловч миний хайртай зураачийн хайртай цуврал зураг... учир тэсэлгүй оруулчихлаа.

Түймрийн дараа японы Засгийн газар барууны жишгийг баримталж “шатдаггүй хот” байгуулахыг зорьжээ. Шатахгүй хотын зураг төслийг ирланд гаралтай Томас Уотэрс гардан хийхдээ Лондон хотын Рижэнт гудмыг загвар болгосон тул таван жилийн дотор хоёр давхар тойпуун байшинтай гудам бий болов. 1877 онд барилгын ажил дуусахад Гинзад амьдарч байсан хүмүүсийг орчин үеийн байшинд буцааж оруулна гэсэн амлалтаа хотын захиргаа биелүүлсэн(!) боловч шинэ гудамж япон хүмүүст нэр муутай, тийш нүүн орохыг хүсэх хүн олдохгүй байж. Үнэ ханш хэт өндөр байсан нь асуудлын зөвхөн нэг тал. Хамгийн гол нь “Чулуун байшинд амьдарвал хүний бие хөхөрч хөөгөөд үхчихдэг гэнэ шүү” гэх цуу яриа нэлээд газар авсан байж л дээ. Манайхаар бол “Ээ, болохгүй хүү минь, тархи нь задраад по-гий нь аваад явчихдаг юм” гэх төрлийн ярианд хүмүүс итгэж, ялангуяа настай хүмүүс хатуу чулуун байшинд халуун зуныг яаж тэснэ, өвлийн хүйтнийг яаж барна хэмээн ихэд дургүйцэж байсан гэдэг.

  

Хэдий тийм ч Гинзагийн “Өрнийн цонх” болох түүх энэ үеэс үүдэлтэй. Иргэдийн оронд японы томоохон сонин, сэтгүүлийн газрууд Гинзад үүдээ нээж, мөн худалдааны пүүс, дэлгүүрүүд тойпуун гудамын нэг давхрыг эзэлснээр Гинзагийн цэцэглэлт эхэлсэн юм. Гинзад үнэт эдлэл, цаг, малгай, бошинз, даашинз, өмд цамц, халбага сэрээ, буйдан, шүхэр зэрэг өрнийн эд хэрэглэл зардаг дэлгүүрүүд төвлөрснөөс Гинза юм худалдан авах төдийгүй гадаадын сонин хачин юмыг сонирхон харж, зугаалах газар болж хувирав. Зөвхөн эндэхийн дэлгүүрүүд эд бараагаа газраар биш шилэн цонх, лангууны цаана өрдөг болсон нь ч үүнд нөлөөлөв. Худалдаа наймааг идэвхтэй явуулахаас гадна Гинза барууны хөгжил дэвшлийн ололтыг нэн түрүүнд нэвтрүүлж байжээ. Жишээлбэл 1883 онд “6” гэх нэг оронтой утасны дугаар бүхий цайны газар нээгдсэн нь хувийн хэвшлээс утастай болсон анхны газар байлаа. Ийнхүү Японы модернизаци, өрнөжих үйл явц Мэйжигийн шинэчлэл, тухайн үеийн засгийн газрын бодлогоос эхтэй ч бодит амьдрал дээр Гинзагаас эхэлсэн гэхэд хилсдэхгүй гэж бодно.

Харамсалтай нь тэр үед баригдсан байшингаас эдүгээ нэг нь ч үлдээгүй. 1923 оны 9-р сарын 1-ний өдөр болсон Кантогийн их газар хөдлөлтөөр тойпуун гудамж тэр чигээр нуран унаж, иргэдийн айдас ч нэг ёсны ортой байсныг харуулжээ.



Гэвч япончууд хотоо сэргээн босгох ажлаа даруй эхэлж долоохон жилийн дараа гэхэд Гинзагийн гудамж улам өргөсөж, өмнөхөөсөө ч өндөр барилгууд баригдав.

  

Дашрамд япон хүмүүсийн сэтгэлгээний тухай нэгийг хэлэхэд, газар хөдлөхөд олон хүн амиа алдаж, асар их хохирол амссан учир япончууд 9-р сарын 1-ийг “Гамшгаас хамгаалах өдөр” хэмээн тунхаглаж, жил бүр албан байгууллагууд энэ өдөр төрөл бүрийн сургуулилалт хийдэг заншилтай болсон нь одоо ч хэвээрээ. Газар хөдлөлтийн дараа ч Гинза өрнийн соёлыг японд нэвтрүүлэх төв хэвээр байлаа. Жишээ нь, анхны кофе уух газар Гинзад бий болоход тэнд бразил кофе ууж, орчноо ажиглаж суух нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах залуу хүний хийх ёстой зүйлийн нэг байв. Францад сурч алдаршсан Фүжита Цүгүхарү (ахлах ангиа төгсөөд шууд Франц руу сурахаар явахыг хүссэн боловч Мори Огайн зөвлөснөөр эхлээд японд урлаг, уран зураг сураад дараа нь Франц явсан) ханын зургийг нь зурсан “Коронбан” кафэд бялуу зэрэг барууны амттан идвэл бүр ч догь. Чухам “гинбүра” гэдэг үг энэ үед гарчээ. Үүсэл гарлынх нь тухай хоёр таамаг байдгийн нэг нь “Гинза” дээр “бүрабүра” буюу “дэмий сэлгүүцэх” гэдэг үгийг нэмэж товчилсноор “гинбүра” бий болсон гэдэг. Нөгөө нь, бразилийг японоор “бүражирү” гэж дуудах тул юм болгоныг товчилж хялбарчлах дуртай залуучууд Гинзад бразил кофе ууснаа “гинбүра” гэж хоорондоо хэлж ойлголцдог байснаас үүдэлтэй гэдэг. Ер нь япончуудын урт үгийг товчлох энэ зан одоо ч хэвээрээ. Хууль дүрэм, улс төрийн нам, яам тамгын газрын нэр бол мэдээжийн хэрэг, хамтлаг дуучин, ном, дэлгүүрийн нэр зэрэг товчлохгүй юм гэж байхгүй. Ямар ч байсан Гинза хавиар сонин хачинг сонирхон зугаацаж амаа ангайх үедээ ангайж, арвин мөнгө үрэх үедээ үрж явахыг “гинбүра” гэдэг.

Даанч залуучуудын гинбүра удаан үргэлжилсэнгүй. Учир нь япон дэлхийн дайнд оролцсоны нөлөө Гинзаг ч тойрч гарсагүй. Дайны байдал даамжирахад 1940 онд тансаг хэрэглээний үнэт эдлэл үйлдвэрлэх, худалдах хориг гарч, цахилгаан хэмнэх үүднээс дэлгүүрийн лангуу, зар сурталчилгааны самбарын гэрэлтүүлгийг ч унтраах ёстой болов. Мөн ший жүжиг, гуанз ресторан, баар цэнгээний газрыг хаах зарлиг гарсан нь Гинзад давхар цохилт болж, орчноо гайхан зугаацах хүмүүсийн оронд цэргийн жагсаал л өдрийн цагаар явах болжээ. Дайны сүүлийн жилүүд ийнхүү зогсонги байдалтай өнгөрч, дайн дуусахын алданд америкийн цэргийн онгоц өдөр алгасалгүй Токиог бөмбөгдөж байсан тул Гинза дүүрэг гурав дахь удаагаа үнсэн товрог болов.



Гэвч Гинза унасан ч эргэж босдог дондогмаа хүүхэлдэй, эсвэл үнснээсээ өөрийгөө дахин бүтээдэг галт шувууны (фениксийг ингэж орчуулах зөв үү?) адил дайны дараа дахин сэргэж, билэгдэл уд мод нь дахин цэцэглэж, дэлгүүр хоршоо нь дахин үүдээ нээж, хүүхнүүдийн өмсөх хувцас ч өмнөхөөсөө бүр ганган болжээ.



Дайн дууссаны дараа хорь хүрэхгүй жилийн хугацаанд япон улс эрчимтэй хөгжиж, эдийн засгийн чадлаараа барууны орнуудыг гүйцэх үед шилдэг, өвөрмөц дизайн, шийдэл бүхий өндөр барилга ч олон баригдав. Мөн энэ үед Гинза европоос гадна Америк орны соёлыг ч танилцуулах төв болж хувирав. 1971 онд Гинзад анхны Макдональдс нээгдсэн нь томоохон үйл явдлал байлаа. Ганган хувцас өмсч Гинзад очин Макдональдаас гамбургер аваад алхаж явангаа идэх нь залуучуудын хувьд тэргүүн зэргийн “гангараа” болов. Харин ямар ч цаг үед тийм хойно, хөгшчүүл тэднийг “замбарагаа алдсан”, “хүн зогсоороо хоол идэх шиг муухай юм байхгүй", "харахаас дургүй хүрэм” гэж загнадаг байж. Тэр үеийн бяслагтай гамбургерийн үнэ өнөөгийн Макдональдын үнэтэй адил байсныг бодохоор америк тивийн гамбургер гэдэг сонин хоолны төлөө шинэ, содон бүхэнд дуртай залуус мөн ч их мөнгө төлж байсан нь ойлгомжтой. 1970 онд Гинза руу хагас, бүтэн сайнд машин орохыг хориглож “явган зорчигчдын диваажин” гэж нэрлэх арга хэмжээ авч аятай орчин бүрдүүлснээр Гинзад зугаацах хүмүүсийн тоо бүр ч их нэмэгдэв.



Машины хориг одоо ч хэвээрээ тул Гинзаг хагас бүтэн сайнаар зорихыг зөвлөе. Гинзагийн үүх түүхийг үүгээр дуусгаж үзүүштэй, сонирхууштай байшин барилга, дэлгүүр хоршооны тухай дараагийн бичлэгт танилцуулъя.

-------------------------------------------------------------------
*1 сарариман - "salary man" гэдэг үгний япон дуудлага. Пүүс компанид ажиллаж цалингаараа амьдардаг буюу хувийн бизнес эрхэлдэггүй эрчүүдийг заана. Сарариманууд японы ажиллах насны, тогтвортой ажилтай эрчүүдийн 80%-ийг эзэлнэ.
*2 OL - "office lady" буюу "оффисд ажилладаг бүсгүй" гэсэн утгатай үг. Пүүс компанид ажилладаг, мэргэжлийн бус туслах чанартай ажил гүйцэтгэдэг бүсгүйчүүлийг заана.