2008/12/27

Шинэ жилийн хүсэлт 2

  (үргэлжлэл)

  Туфль:
 
  Өндөр нам өргөн нарийнаараа ялгаатай ч та нар нэг нийтлэг дутагдалтай. Хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Тиймээс ажил албандаа яарсан ч, аальгүйтэж зургаан модын club-д бүжиглэсэн ч ижил дасал болсон sneakers шиг эвтэй зөөлөн байхыг хүсье. Тавиурын хамгийн доор байгаа муу sneakers –ийг өнгө үзэмжээр нь гололгүй туршлага судла л даа. Эс бөгөөс би туфлийн эсрэг компанит ажил эхлүүлэх зорилгоор Vogue, Cosmopolitan зэрэгт ажилд орчихно шүү.

  Түрсик:
  Та нараас юм юмыг хослуулах арга ухаанд суралцахыг хүснэм. Тодруулбал, үзэмж гоо үлэмжийн сайхан хэд нь нейлон химийн хийцтэй бөгөөд биед минь халтай, хартай бас тэгээд хатгаад байдаг. Зөөлөн, 100% даавуу, энэ биед энэрэлтэй хэд нь үзэх нүд битгий хэл өрөөний тавилга хүртэл гуньж гутмаар. Учир ийм тул бие, нүд хоёрын аль алинд нь баясгалан болж өөрчлөгдөхийг хүснэм.

  Хэл шинжээчид:
  Дээрхийг бичихдээ орос дуудлагаар трусики, монгол дуудлагаар түрсик, дээр үеийнхээр бандааж, дотоож, орчин үеийнхээр panties, underwear... аль дуудлага ямар хэлээр яаж бичихээ мэдэхгүй баахан бодож цаг гарздав. Хамгийн эхэнд ч гэсэн богоон, вагон хоёрын хооронд толгой гашилгав. Тиймээс эрхэм хэл шинжээчид ээ, монголоор ингэж тэгж бичнэ гээд нэг тийш нь шийдэж өгөөрэй (гэхдээ энэ дагавар маягийн сул гуйлт шүү, бусад нь биелж байвал энэ ч яахав)

  Эрчүүд:
  PC, soft, upgrade, update гээд IT чиглэлийн юм тайлбарлахдаа “Хөөрхий энэ муу яажшуу энэ хорвоод амьд явдагийм бол” гэсэн өрөвдсөн/ гайхсан/ доош нь хийсэн/ дооглосон харцаар намайг харахаа болихыг гүнээ хүснэм. За яах вэ, нүд гэдэг сэтгэлийн цонх гэл үү, удирдаж жолоодож болдоггүйм бол өрөвдөж харах OK, би тэвчье. Гагцхүү энэ чинь “IT биш ээ, IT гэж бүр нарийн нандин юмыг хэлнэ, миний тайлбарлаж байгаа юм бол хоол идэж уухтай адил амархан хялбархан, арван настай пацаан мэддэг зүйл...” гэж ирээд дэлдэн хоёр чихийг минь бүр илүү тодруулж, улаан ягаанаар туяаруулахыг больчихвол... бүсгүй би бүх эрчүүдэд бүрэн сэтгэлээсээ хайртай гээд бүрээ үлээхэд ч бэлэн байна.

  Хүүхнүүд: 
  Хүрээ хүүхнүүдээсээ хүсэх зүйл алга даа... ирэх жил ч гэсэн эгзэгийг нь тааруулж байгаад ээлжит хуралдаанаа хийж, хоол идэн коктейл уунгаа бүхний тухай жив жив, живэр авир болцгооё :)

  Өөр зөндөө олон хүсэл байх ч өөрийн хичээл зүтгэлээр яаж ийгээд болчих байх. Бяцхан биений чадал яахин аргагүй дутагдах юмны тухайд шулуун шударгаар шуудхан хэлсэн тул болгоон соёрхоно уу 

Шинэ жилийн хүсэлт 1

  Өдий наслахдаа өвлийн өвгөн ааваас өч төчнөөн л юм хүсч явлаа. Гэхдээ сүүлийн үеийн байдлаас харагдахад Сүрэн бүсгүй өвлийн өвгөн аавын листнээс хасагдсан бололтой. Эсвэл байдаг ч миний нэр хамгийн сүүл хэсэгт Arial2 фонтоор бичигдсэн байх (тэр нь сайхан хүхэнд атаархдаг цасан охины явуулга болов уу). Anyway, энэ жил би өвлийн өвгөн ааваас Сахарын цөлд өдөр өнжөөд, Монголын говьд гурав өнжөөд бороо оруулахыг л хүснэ. Харин өөрийн хүслээ 対象者 буюу хүссэн юм/зүйл/хүмүүс нарт шууд уламжлахаар шийдлээ.

  Богоон: 
  Өглөө оройны богоон та хоосон байвал би аягүй их баярлана. Ажилдаа цаг гаруй явахдаа гутлаа тайлж байгаад сайхан хажуулдаж унтана. Гэхдээ хоосон явах онцгүй бол эрч хүчтэй, илгээлтий эзэд шиг эрхэм үүргээ ухамсарласан, ажилдаа явж буйдаа баяртай (plus үл ялиг үнэртэй ус түрхсэн, гэхдээ үл ялиг!) залуус, бас яах вэ, надаас илүүгүй царайтай ганц хоёр хүүхэн тээж явдаг болохыг хүснэм. Дашрамд хэлэхэд яаруу сандруу гэрээс гарч, буудал өөд амьсгаадан гүйн очиж, ажилдаа амжих үгүй шийдэгдэх ЯГ тэр мөчид тав арван минутаар хоцордогоо шинэ ондоо төгсгөл болгоно уу.

  定期:
  Тэйки билет минь ээ, чамаас би “үргэлж чамтай, дандаа хамтдаа” гэдэг цорын ганц амлалт хүсч байнам. Хамгийн хэрэгтэй үед хаашаа ч юм алга болчихдог энэ муу зуршлаасаа салаарай. Ингэхэд, хэн хэдий хэрийн мөнгө төлж 6 сараар чамайг авдгийг мэдэж байна уу үгүй юу...

  Нойр:
  Sorry, чулуун зэвсэг гэж чамайг гутаагаад яах вэ (гашуун үнэнийг чихэрлэж хэлбэл хүн ч бай, юу ч бай хүлээж авдаг гэсэн), гэхдээ шуудхан хэлэхэд чи минь хүй нэгдлээрээ тууж явна. Шинэ эрин мянган эхлээд арваад жил болж байна хө. Хаа сайгүй пүүс компаниуд унаж дампуураад, аль эсвэл урагшилж давшлаад уухайлж байна. Энэ бүхний цаана юу байна гэж бодож байна? EFFICIENCY !!! Тиймээс нойр минь чи 1 гэж унтаад 5 гэж сэрэхэд авдгаа авчихсан байж, ажил дээр намайг эвгүй байдалд оруулахаа боличихвол аюулын ихээр таларх байна.

  Нүд:
  Ирмэх инээмсэглэх, өдөх өөлөх гээд та хоёр минь үүрэгт ажлаа тун чадамгай биелүүлдэгт хүүхэн би баяртай байдаг. Гагцхүү хаа явсан газар бэл бэнчин хүрэхгүй юм шохоорхож, хөөрхий намайгаа сэтгэл санааны гүн хямралд гүнзгий гэгч нь оруулдгаа л болих хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал бидний энэ найрсаг friendship нар сар хүртэл атаархам сайхан.

  (continued)

2008/12/18

Өвлийн өвгөн аавд гомдол мэдүүлж байна !

Энэ Өвлийн өвгөн аав, Дед мороз, Santa Claus гэгч өвгөн ер нь их өршөөлгүй хөгшин юмаа. Хүүхэд байхад л эвийлж бөөцийлж бөмбийлөөд чихэр жимс бэлэг өгч баярлуулаад . Харин тодорхой нас өнгөрөнгүүт “зиак, бүсгүй та миний хайртай хүмүүсийн list-ээс хасагдсаан хө” гээд тэнгэрээс газар өөд пид хийтэл өшиглөж унагаах нь тэр.

Өшиглүүлэн пад хийтэл газар унаснаас хойш шинэ жилийн маань хамаг зовлон эхэлсэн. Дурдвал, гэр орон цэвэрлэх (чи хөшиг угаах уу, би шал угаах уу, тоос хэн арчих вэ, тогоо хэн манах вэ), бэлэг сэлт зэхэх (хэнд хэзээ юуууууг ??), хоол унд бэлдэх (бодож бодож бясалгаж бясалгаж өнөөх л нийслэл салат, бууз, торт), гоёлынхоо даашинздаа багтатлаа турах, үсээ янзлах, хумсаа ургуулах ... гэх мэтээр тоолж баршгүй.

Гэхдээ эдгээр нь шинэ жилийн нэг “гайхал” –ын хажууд бол юууууууу ч биш. Ёстой юу ч биш, зүгээр л хүүхдийн тоглоом хүрэн бамбарууш шиг хөөрхөн “асуудлууд”.

Оны эцэс болонгуут л шинэ жилийн тэр гайхал дагуул чинь өвлийн өвгөн аавын дүр эсгэж байгаад “Энэ жил юу хийж юу бүтээв, юу амжуулж гийгүүлэв? Алив хөө, хэлээд аль, тоочих юм байна уу? Тоочдоггүймаа гэхэд нэрлээд аль! Нэрлэж хэлэх юм байна уу? Ааааааан, юу гэнээээээ? Ердөө л иймхэн юмуу?! Бүхэл бүтэн жил өнгөрч байхад уу... Юу бодож яаж амьдрахаараа хүн ийм байдаг байнаа...!” гээд л хөөрхий намайг асууж шалгааж лавлаж тавлаж тамлаж эхэлнэ дээ.

Энэ айхтар гайхлаас намайг чөлөөлж өгвөл мянган айлын орон гэрийг дуртайяааа бөгөөд Үнсгэлжингээс ч дутахааргүй цэвэрлэж өгье! Хоол ундыг нь хийж, гоёл моёлыг нь оёж өгье!

Бодоод байхнээ энэ өвлийн өвгөн аав хүүхэд байхын л онцгүй зантай баагий байж... Чихэр печени алим жимс гээд хамгийн гоё бэлгийг онц сайн сурсан үймүүлж дүрсгүйтээгүй хүүхдэд л өгнө гэж зарлаад л... нэг үгээр хэлбэл сурлага болон сахилга батаар ялгаварлан гадуурхагч байж дээ. Байж дээ ч гэж дээ, одоо ч гэсэн байсаар байгаа байх.

Хүүхэд ч бай, хүүхэн ч бай хүнээс заавал юм шаардаад байдаг, гавьяа бүтээл нэхээд байдаг... өвлийн өвгөн аав та хэцүүхэн хөгшин юмаа.

2008/12/08

30. Австрали, Мелбурн



Буцдаг бумеранг авчихаад зах дээгүүр нааш цааш холхиж байтал төөрсөөр төрөлдөө гэдэг билүү, будилж явснаа дуртай юмаа олчихдгийм байна. Муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа гэдэг. Өдий болтол сайн хүн аятай хэрэгтэй хэрэггүй өч төчнөөн л юм өгүүллээ. Гэхдээ арваад хоног ямар мацаг барьж явсан биш хамгийн сүүлд жаал муу хүний яриа өрнүүлье.

Мелбурн хотоос үлдсэн нэг сайхан дурсамж гэвэл төрөл бүрийн бялуу торт, гөөхий зөөхий, печени жигнэмэг – энэ бүхэнд би нугасгүй билээ. Найзынхаа ээжийн хийж өгсөн scone идээд гайхсан гэж. Японд скон гэхээр онцын амтгүй, печени хийх гэж байгаад андуураад талх хийчихсэн юм шиг л санагддаг байсан. Тэгсэн үгүйм байна, ээж хүн өөрийн гал тогоондоо өөрийн гараар хийсэн scone шиг амттан үгүйм байна. Дээрээс ээжийн хийсэн гэрийн варени түрхэж иднэ гэдэг мммммм...  энэ хорвоод хүн болж төрсний нэгэн жаргал юм байна.

Зураг дээрхийг идээд жин хэд нэмсэнийг бүү асуугаарай, гэхдээ анхааруулж хэлэхэд Австрали явах төлөвлөгөөтэй бол жин нэмэх магадлал маш өндөр гэдгийг санаарай. Ингээд унжирч сунжирсан австралийн тэмдэглэлээ бялуу тортоор дуусгая. Дүгнэхэд олон сайхан хүнтэй учирсан, олон зүйл бодуулсан trip байлаа. Өдий хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа :)

29. Австрали, Мелбурн, Виктория зах


  

125 жилийн өмнө байгуулагдсан Виктория зах бол Мелбурн хотын түүхт цэгийн нэг. Захын хуучин барилга маш таалагдав. Open market маягаар ажилладаг, зарахгүй юм байхгүй, хүн хөл гэж жигтэйхэн – яг л манай Нарантуул зах шиг. Эндээс гурван залууд хэмжээ, хэлбэр, хийцээрээ ялгаатай гурван бумеранг бэлгэнд авав. Зарим худалдагч манай бумеранг буцаж ирнэ гээд, зарим нь жуулчдад зориулсан эд учир буцахгүй гээд, зарим нь шидэж үзээгүй тул мэдэхгүй гэж шууд үнэнээ хэлээд... сүүлдээ аль азтайнх нь буцах байх гээд зүгээр гайгүй харагдсаныг нь авчихсан.

2008/12/07

28. Австрали, Мелбурн, барилга байшин


  

  

Мэлбурн хотын байшин барилга их таалагдсан. Этний болон орчин үеийн төрөл бүрийн дизайн, өнгө хийц хосолсон байшин барилга харан явж байхад нэг мэдэхэд л өдөр өнгөрчихнө.
  

Хотын төвийн их барилгаас гадна иймэрхүү хөөрхөн хөөрхөн байшинтай, зай талбай ихтэй орон сууцны хороолол ч бас сайхан.

27. Австрали, Мелбурн, хүмүүс

Австралийн тэмдэглэл ийнхүү дуусах тийшээгээ дөхөж байна. Хамгийн сүүлд зочилсон хот бол Мелбурн байлаа. Хоёрхон хоносон тул танилцуулж бичих юм бага ч сайхан хүмүүстэй учрах азтай байлаа, тэдэн дундаас хоёрыг нь онцолж дурсвал:

1.Victoria market, орос өвөө

Маргааш буцах тул Victoria зах дээр жаал жуул бэлэг дурсгалын зүйл хайж явтал нас нэлээд явсан буурал "Японоос ирсэн үү?" гэж асууж байна. Үгүй гэтэл хятад уу, тайван уу, солонгос уу, малайзи уу, сингапур уу, вьетнам уу гээд ар араас нь асуух юм. Ихэнхи хүмүүс ганц хоёр орон тааж хэлчихээд хаанаас ирсэнийг асуудаг даа. Гэтэл энэ өвгөн бол амар замаар будаа иддэг нэгэн биш бололтой. Гэхдээ л сүүлдээ нэлээд гайхсан гэх үү, puzzled байртай аль улсаас ирсэн бүсгүй вэ гэж асуув.

Монголоос гэж хариултал юу болсон гэж санана :) Олон жил хайж сурагласан садан төрлөө олсон мэт баярлаж "Паа пэээ пөөө! Вот это да! Монголка!! Ийм юм гэж бас байдгаа! Хэзээ энд ирэв, нутгаасаа гараад удаж байна уу, Монголын байдал ямар байна, хүмүүсийн амьдрал сайн уу, за хүү минь яриад байгаарай – ну, давай доченька, рассказывай" гээд :)

Яриа өрнүүлтэл өвгөн буурал 1960-аад онд говьд нөгөө айхтар газар хөдлөлт болоход хэмжилт хийхээр ирж байсан гэнэ. Тэр үед юм гэдэг чанга байж, ах дүү социалист орнуудын холбоо бат байж. Нэгэн шөнө яг унтахын өмнө утас дуугарч дарга нь Монголд газар хөдлөлт болсон гэнэ, мэргэжилтэн хэрэгтэй гээд бараг л шөнийн дотор баг бүрдүүлж маргааш өглөөний онгоцоор Монгол уруу ниссэн гэсэн. Говийн хүмүүс, монгол хүмүүсийн тухай сэтгэлдээ их сайхан дурсгалтай явдаг нь асууж лавлалтгүй мэдэгдэж байлаа. Хамгийн сүүлд нь хүмүүсийн амьдрал, эдийн засгийн тухай асууснаа “Все у вас получится и экономика поднимется, все все будет хорошо. Счастья тебе милая” гэсэн нь санаанаас гаршгүй.

2.Үл таних нэгэн залуу.

Залуу бид хоёр нэг чиглэлийн автобусанд өөд өөдөөсөө харсан суудалд суугаад бараг 40 мин хамт явсан байх. Нүүр царайны өнгө байдлаас энэтхэг, непал, пакистан гаралтай гэмээр. Гэхдээ сайн санахгүй байна, цонхоор л голдуу харж явсан, маргааш харих тухайгаа бодоод. Залуу миний буудлаас нэг буудлын өмнө түрүүлж буусан юм. Буугаад цааш хэд алхсанаа гэнэт эргэж хараад нүүр дүүрэн инээмсэглээд толгой дохиж гараа даллаад :) Автобус өнгөрч байхад инээмсэглээд гараа даллан зогсч буй нь одоо ч гэсэнд сэтгэлд тод.

Анх австралид ирээд онгоцны буудал дээр автобус хүлээгээд зогсч байхад барилгачид бас гараа даллаж байсныг санаад австрали орон намайг аягүй сайхан угтаж, их сайхан үдэж байна даа гэж өөрийн эрхгүй бодогдов.

Хүнийг happy болгох аягүй амархан, хэн нэгэн инээмсэглээд гараа даллахад л хангалттай :) Залуучууд аа, үл таних бүсгүйчүүлд инээмсэглэл бэлэглэж гар даллаж байх хэрэгтэй... the tiniest gesture - a smile, a gentle look, a simple pat on the arm, a soft word – can change so much, can bring so much happiness!

2008/12/06

26. Австрали, үнэгүй номын сан


Австралийн музей үнэгүй, номын санд ороход үнэмлэх хэрэггүй. Японоос ирсэн миний хоёр дахь culture shock бол энэ.

Хэдэн жилийн өмнө Канбэрра явж, Австралийн их сургуулийн оюутан найзындаа зочлохдоо хичээл нь дуусахыг хүлээж үүгээр түүгээр сайхан сэлгүүцдэг байв. Нэг удаа номын санд хүлээж байгаарай гэхэд нь япон & монгол заншлаараа найз маань намайг номын санд оруулахын тулд өөрийн үнэмлэхээ өгнө гэж бодов. Тэгсэн хотын номын сан ч бай, сургуулийн номын сан ч бай үнэмлэх энэ тэр хэрэггүй, над шиг явуулын жуулчин хүртэл чөлөөтэй орж гарах эрхтэй болж таарав.

Энэ удаа Австрали явахад номын сан орох хэрэг гарсагүй. Гэхдээ япон найзуудтайгаа дүрслэх урлагийн музей үзэхдээ сурсан заншлаараа билет худалдаж авах газар хайж, баахан нааш цааш холхиод. Билет зарж буй шинжтэй газар, шалгаж буй шинжтэй хүн хаана ч харагдахгүй байхаар нь аргаа ядахдаа info дээр очиж асуутал үнэгүй болж таарсан. Ийнхүү бид Австралийг аргагүй "хөгжил дэвшлийн" орон байна гэж ахин дахин шагшин магтсан.

Гэтэл Монгол... за гэхдээ Монгол ч яахав,  одоохондоо эдийн засгийн чадал буурай, олон нийтийн сервис үйлчилгээ муу, хүмүүсийн ухамсар ч нэлээд тиймэрхүү (номын сангийн ном урах г.м.) учир юу ярих вэ. Өндөр хөгжилтэй гэхэд Япон ямар билээ... Энэ талын асуудал үнэн муу гэдгийг хэсэг хугацаанд амьдарсан хэн бүхэн мэднэ. Сэтгэл дутдаг шиг санагддаг. Мөн юм бүхэнд "асуудал гарсны дараа учрыг нь олж, өөрчлөн сайжруулна" биш "анхнаасаа ямарваа нэгэн асуудал гаргаж үл болно" гэсэн байр суурьнаас ханддаг нь нөлөөлдөг болов уу. Япон хүний энэ няхуур зан үйлдвэр компаний үйл ажиллагаанд сайн боловч олон нийтий үйлчилгээнийн хувьд (public service) сайнаас муу нь их мэт.

Далийж зүйрлэвэл "Номын сан бүх хүнд нээлттэй, хүн бүхнийг орох эрхтэй болгочихвол орон гэргүй хүмүүс олноор ороод ирвэл яахиймбээ? Хулиганууд орж гараад байвал яахиймбээ?" гэх мэт... ийм ч хүмүүс ирвэл яана, тийм ч хүмүүс ирвэл яана гэх маягаар бодож, байж болохоос эхлэн болохгүй бүгдийг урьдчилан тооцож, тааж таамаглахыг хичээсний үр дүнд цөөхөн хэдэн хүнийг л номын санд орох эрхтэй болгочих жишээтэй. Ингэхдээ тухайн хотод homeless хүн огт байхгүй байлаа ч хамаагүй. "Манай хотод homeless байхгүй гээд бүх хүмүүст нээлттэй болчихвол бусад homeless-тэй хотууд яах юм. Хот болгон адил биш бол шудрага бус бөгөөд бусад хотын хүмүүс гомдол гаргана шдээ". Сайхан далийвал нэг иймэрхүү маягийн "reasoning" байдаг мэт санагддаг.

Япон хүн асуудал гаргахгүйн тулд тохиолдож болох муу бүхнийг урьдчилан бодож, төрөл бүрийн дүрэм журам зохиох бөгөөд тэр нь эцэстээ амьсгалах орон зай үлдээлгүй, утгатай утгагүй бөөн хориг цээр тогтооход хүргэдэг мэт.

Эргүүлж уншсан чинь... Австралийн олон нийтийг үйлчилгээг магтах гэснээ далийгаад Японы олон нийтийн үйлчилгээг баахан шүүмжилсэн байна... хэхэ.

25. Австрали, аяга угаах саван


Австрали хүмүүс шингэн савангаар аяга тавгаа угаах боловч ерөөс зайлдаггүй. Хөөстэй чигээр нь шууд хатаахыг анх хараад нүд орой дээр гарах гэгч болоод. Сайхан хөөсрүүлж угааж байснаа бөөн бөөн бөмбөлөг хөөстэй чигээр нь шууд арчина эсвэл хатаагчинд хийнэ. Австрали дахь анхны culture shock бол энэ байв. Ихэнх австрали айл (лав миний очсон бүх айл) аяга тавгаа ингэж угаах бөгөөд хоолны гуанз, ресторан бар ч ялгаагүй тэгж угаана (дуулахнээ Англи бас тийм гэсэн, гэхдээ өөрийн нүдээр үзээгүй тул баттай үгүйг мэдэхгүй).

Японд хамт сурч байсан австрали найзаасаа асуутал нэгд, япон хүмүүс аяга тавгаа угаахдаа дэндүү их ус зарцуулдаг (санал нэг байна), хоёрт австрали хүмүүс аяга угаах шингэн хүний биед хоргүй гэж боддог (санал огтхон ч нийлэхгүй байна) гэж хариулж билээ.

Химийн бодис хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэр хортойг эдүгээ мэдэхгүй хүн байхгүй болов уу. Сонин сэтгүүл зурагтаар жилээс жилд ухуулж ойлгуулж, түгшүүр зарлаж буй билээ. Ийн атал австрали хүмүүсийн савангийн хөөсөө зайлахгүй энэ заншил арваад жилийн өмнө ямар байсан, одоо ч яг хэвээрээ. Хэвшсэн хэвшил, заншсан заншил гэдэг тийм ч амар арилдаггүй бололтой. Энэ удаад ч найзуудынхаа гэрт хоноход хоолны дараа аяга тавгаа угаахдаа тосгуураа усаар дүүргэж байгаад сайхан гэгчийн хөөсрүүлж угааснаа тэр чигээр нь гаргаж байна лээ... гэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэдэг, сүр болоогүй л дээ. Гагцхүү Монголоо бодож ганц хоёр юм эргэцүүлж бодоод.

Бидний багад аяга тавгаа савандахгүй угааж болоод л байсан. Одоо ч саван зэрэг элдэв химийн гаралтай шингэнийг хэрэглэх хэрэггүй гэж санана. Бүр дийлэшгүй их өөх тостой бол бас яая гэхэв. Гэхдээ зүгэр нэг цай уучихаад савангаар угаана гэдэг... хайран ус биз дээ. Япон шиг чийг ихтэй, зуны цагт янзан бүрийн мөөг хөөсөнцөр шууд үрждэг газар бол бас яахав. Япон бас тэнгис далайгаар хүрээлэгдсэн, бороо хур их ордог, юу элбэг ус элбэг орон. Харин Монголын хувьд юу хэрэггүй, аяга таваг угаах шингэн саван хэрэггүй. Хөдөө их тостой юмыг гурилаар юмуу шороогоор угаагаад гялалзуулчихдаг л байсан шдээ.

Яагаад саванд нерв хөдлөөд байна аа гээд бодтол, эмээгээ саналаа. Эмээ маань дандаа голоос хол буудаг байсан. Голд ойрхон буух хүмүүст маш дургүй. Биднийг усанд явахад голд бузар оруулж болохгүй гээд заавал хувцас шалгана. Айраг бүлсэн нэгнийг голд цагаа оруулчихна гээд хамаг хувцасыг нь солино, солих хувцас байхгүй бол шалдан гүйлгэчихнэ. Манай гэр хавийн айлуудтай харьцуулахад голоос хамгийн хол байхад хүүхдүүд бидний хувцас хунар угаахдаа түмпэнгээ бариад бүр цааш явж угаадаг байж билээ. Австралийн тухай бичсэн биш эмээ эжээ ихэд саналаа.

2008/12/05

24. Австрали, Эвкалипт мод


  

Австралийн нэгэн бэлэг тэмдэг бол коала баавгайн иддэг эвкалипт мод. Сэтгэл сэргэм сэнгэнэсэн сайхан үнэртэй. Борооны дараа үнэр нь улам хүчтэй болох тул бараг л мансуурам. Timbertop-ын уул ойд гурав хонохдоо үргэлжийн мансууралд байсан гэхэд хилсдэхгүй. Харин найзууд маань ерөөс тоосон шинжгүй байсан, дассан болоод тэгдэг байх. Монгол хүн аагь таана гэж ярьдаг бол австрали хүн эвкалипт гэж ярих байх. Эвкалиптын тос эмнэлгийн болон гоо сайхын олон үйлчилгээтэй. Ароматерапид ч түлхүү хэрэглэгддэг. Тиймээс Timbertop-д мансуурч явсандаа баяртай :)
  

Анх хавийн моднуудын хальс нь унжсан байхыг харж гайхаад. Найзудаасаа туулай муулай мэрж идээд ийм болчихдог юм уу гэж асуутал элгээ хөштөл инээцгээгээд.
Туулай огт хамаагүй, хуучин хальс нь унаад цаанаас нь шинэ хальс гардаг гэнэ. Эвкалипт мод байнга гоёлоо сольдог ганган мод гэнэ.
  

Эвкалиптын тос дэлхийд алдартай. Харин тосыг хөгшин биш залуу модноос гаргаж авдаг гэнэ. Найз маань хэлж өгөөгүй бол эдгээрийг зүгээр л бут бургас гээд тоох ч үгүй өнгөрөх байлаа. Номны завсар хатаасан хоёр, гурван навчис одоо ч сайхан үнэртэй хэвээрээ :)